Түүхэн замнал

УВС АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨН НЬ

1925 оноос “Танхимийн эмнэлэг” 8 хошуу, 41 сум, 115 баг, 660- аад  арвантайгаар   Зоригт хааны байшинд оточ Гончиг,Равжир нарын байгуулсан төвд эмнэлэг  үйлчилж байсан.

БНМАУ-ын 1930 оны  6-р их хурлаас Улаангомд 10 ортой Европ ёсны эмнэлэг байгуулахаар шийдвэрлэснээр  1931 оны хавар  аймгийн төвд  4 модон ортой 3-4 ажилчинтайгаар хүн эмнэлэг байгуулагдан ажиллаж эхэлснээр Увс аймгийн Эрүүлийг хамгаалах байгууллагын анхны суурь тавигджээ.

1932-1936 онуудад  тус аймагт Зөвлөлт /Орос/- ийн  их эмч В.И.Власов “ Орос докторын газар” нэртэйгээр  ажиллаж байсан төдийгүй эмнэлгийн хүчин чадлыг  бэхжүүлэх, барилгатай болгох ажлыг санаачлан хөлсний ажилчид, мужаануудаар анхны барилга бариулж ашиглалтанд оруулан , орны тоог нэмэгдүүлж 1936 оноос 12-13 ажилчинтай, 36 мянган төгрөгийн төсөвтэйгээр ажиллаж эхэлсэн.

1936 оноос Бөхмөрөн, Хяргас сумдад  бага эмчийн салбарыг тус бүр 2 ортойгоор байгуулж, бүх сумдыг баруун зүүн хэсэг болгон Бөхмөрөний салбарт  бага эмч  Сааюу баруун сумдын 97 багийг,  Хяргаст бага эмч Сандагт зүүн сумдын 107 багийг хариуцуулан боловсон эмнэлгийн тусламжийг хөдөөгийн иргэдэд үзүүлж байжээ.

Монгол –Зөвлөлтийн хоорондын хэлэлцээрээр РСФСР- ийн ардын эрүүлийг хамгаалах яамны комиссариатын газраас хүний эмч  Ф.И.Торгашиныг монголд ажиллуулахаар илгээснийг Монгол улсын эрүүлийг хамгаалах яам хүлээн авч алс баруун хязгаар Увс аймагт 1937 оны 5-р сарын 8-ны өдрийн 104 тоот тушаалаар томилон ажиллуулсан байна.

Ф.И.Торгашин нь 1938-1942 онд эмнэлгийн больниц, амбулатори, аптек, складны барилгуудыг ашиглалтанд оруулж мод, бут, сөөг тарьж орчныг нь тохижуулан  саалийн 10 үнээ,ногооны 2-3 га талбайтай болж хүнсний ногоо тарьж хэрэгцээгээ хангаж, түргэн тусламжийн  дуудлаганд морин тэрэг, чаргаар ойролцоох сум багуудад үйлчилдэг байсан ба түүний санаачлага уйгагүй хөдөлмөрийн ачаар эмнэлгийн материаллаг бааз бэхжиж,эмчилгээ үйлчилгээний чанар дээшилж, эмнэлгийн нэр хүнд өссөнөөр эмнэлэг ард түмний холбоо сайжирч боловсон эмнэлгийг иргэд хүрээлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Ф.И.Торгашин эмчийн санаачилгаар 1938 онд 15 ортой хүүхдийн анхны яслийг байгуулж байжээ. МАХН-ын Төв хорооны 1937 оны  3-р бүгд хурлаас аймаг бүрт 25-40 ортой больниц, амбулатори ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу 1939 оны сүүлчээр 25 ортой болон өргөжин Улаангомын  хүн эмнэлгийг “Аймгийн больниц” гэж нэрлсэн байна.

1932-1939 онд Зөвлөлтийн их эмч В.А.Власовын санаачилгаар сестрагийн 45 хоногийн курсаар Сүрэнжав, Раднаа, Цэвээндарь нар суралцан больницод үйлчилж, асрагчаар Цэрэнхүү, Сомбоон, Шомбор, няраваар Шарав, жолоочоор  Ваша нар ажиллаж эхэлснээр эмнэлгийн боловсон хүчин бий болж, эмнэлгийн анхны ажиллагсад гэж түүхэнд бичигдэх болсон ба Улаангомын докторын газарт хэлмэрчнээр 1932 онд ЗХУ-д залуучуудын эвлэлийн сургуульд суралцаж төгссөн Түргэн сумын харъяат Эвэгийн Батаа ажиллан хэлмэрч хийхийн зэрэгцээ эмнэлгийн мэргэжилд дадлагажиж, 1938 онд Ховд аймаг, Улаанбаатарт эмнэлгийн курсад суралцан төгсөж хэлмэрч, бага эмчээр 1948 он хүртэл ажилласан нэгдсэн эмнэлгийн анхны бага эмч юм.

Ф.И Торгашин 1937 онд эмнэлгийн сестрагийн 45 хоногийн курс Улаангомд байгуулан Давст, Сагил, Түргэн, Хяргас, Ховд, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өндөрхангай, Туруун, Тариалан, Тэс, Малчин сумдаас мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн нь тус тусын сумандаа хуваарилагдан сумдын эмнэлгийн анхны суурийг тавьжээ.

1936 оноос хойш ЗХУ- аас уригдан ирсэн. Их эмч В.А.Власов, Ф.Н.Торгашин нар аймгийн анхны  бага эмч Сааюу, Сандаг,Очирбат нарын хамт эм худалдаалах, тариа хийхийн зэрэгцээ ард түмний дунд анагаах ухааны  эмнэлгийн үйлчилгээ, халдварт болон бусад өвчнөөс сэргийлэх, эрүүл ахуй , ариун цэврийн сурталчилгааг  зохион байгуулж албан газар, хоршоо, дэлгүүр  сургуулийн ариун цэврийг шалгах зэрэг ариун цэвэр хяналтын ажлыг хийж байжээ.

1936-1942 онуудад хүн эмнэлгийн техниккумыг төгсөж ирсэн бага эмч Саюу,Сандаг нар анхны бага эмч нар бөгөөд дараа нь Очирбат, Даваа, Долгор, Аръяа, Кавааж, Тогтох, Хунай, Муситодай, Мажигсүрэн, Санжаа зэрэг эмч нар Зөвлөлтийн эмч нартай хамтран ард түмний эрүүл мэндийг хамгаалах, эмчлэх, шинээр эмнэлгийн салбар байгуулан бэхжүүлэхэд хүч хөдөлмөр, оюун ухаан,мэдлэг чадвараа зориулсан ахмад үйлстэнгүүдийг бид дурсан мөнхжүүлж явдаг билээ.

МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын СнЗ- ийн 1955 оны 129/97-р тогтоолоор УБ хотын хүн эмнэлгийн техникумын дэргэд Ариун цэврийн бага эмч нарыг бэлтгэх 3 сарын курсад Д.Занаа суралцан төгсөөд, аймгийн ариун цэврийн анхны байцаагчаар ажиллажээ.

1938 онд Ховд /Шар цэхээ/ суманд 2 ортой, 1939 онд Өндөрхангай суманд 3 ортой, 1940 онд Сагил суманд оргүй бага эмчийн салбарууд байгуулагдаж  1945 оноос хойш бүх сумууд,бага эмчийн салбартай болжээ.

МАХН-ын Төв хороо ,БНМАУ-ын  СнЗ- ийн 1938 оны  26-р тогтоолоор аймгийн Яаманд Эрүүлийг хамгаалах хэлтэс байгуулагдаж даргын үүргийг  1949 он дуустал эмнэлгийн дунд мэргэжилтэн, 1950 оноос аймгийн больницын ерөнхий эмч давхар хашиж байсан ба  МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын СнЗ- ийн 1960 оны 170/111 дүгээр тогтоолоор  Эрүүлийг хамгаалах газар болж, удирдан зохион байгуулах, үйл ажиллагаа явуулах даргатай болжээ.

1940 он хүртэл хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг аймгийн эмнэлгээс шууд зохион байгуулан үйлчилж байсан ба 1947 онд мэргэжлийн их эмчтэй болж их эмч Дамдинсүрэн ажиллажээ.

МАХН-ын Төв хороо, БНМАУ- ын СнЗ- ийн 1950 оны 6-р сарын 17-ны өдрийн 153/34 дүгээр тогтоолоор Эрүүлийг хамгаалах ажлыг үндсээр нь сайжруулах арга хэмжээний тухай шийдвэр гаргаж хөдөөгийн  хөдөлмөрчид, малчдад их эмчийн тусламжийг  ойртуулах зорилгоор их эмчийн салбарыг сумуудад байгуулж эхэлсэн.

1950 онд Цагаанхайрхан 10 ортой, 1951 онд Ховд, 1953 онд 10 ортой айргийн сувилал, 1956 онд 10 ортой төрөх тасаг, 1957 онд 15 ортой арьс өнгөний диспансер, 1957 онд Өндөрхангайд , 1958 онд түргэн тусламжийн станц, сүрьеэгийн диспансер байгуулагдан ажиллаж, 1956- 1957 онд Х.Дэлэг, Д.Мижид зэрэг анхны мэс заслын  мэргэжлийн эмч нар болон  О.Лхамсүрэн, Т.Пүрэвжав нар эрхлэгч эмчээр ажиллаж байжээ.

1960 онд Бөхмөрөн, 1964 онд Завхан, 1964 онд Давст, Зүүнхангай, 1967 онд Малчин, 1970 онд Наранбулаг, 1971 онд Тариалан, 1972 онд Зүүнговь, 1973 онд Өлгий, 1975 онд Түргэн, 1960 онд Тэс, Өмнөговь, 1963 онд Хяргаст,125,0-130,0 мянган төгрөгийн төсөвтэйгээр их эмчийн салбарууд байгуулагдан сумдаас анхны их эмчээр А.Дамдинсүрэн, түүнээс хойш Л.Шагдар, Д.Доржпагма, , Ж.Мундгар, Р.Бинъяа, Г.Цэцэгмаа, Т.Норолхой, Б.Маамуу, Д.Сүхбаатар, Т.Тогтох, Р.Бадарч, Бокнов, Ч.Самдан, М.Батаа, Ч.Нанзад, Розой, И.Бокнов, Ч.Батжаргал нар тус тус салбарын эрхлэгч их эмчээр ажиллажээ.

МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын СнЗ- ийн 1960 оны  170/111 тоот тогтоолоор аймгийн төвд нарийн мэргэжлийн тасаг кабинетуудтай болж хүчин чадал нэмэгдсэний зэрэгцээ анхны сум дундын эмнэлэг Баруунтурууны САА-д 25 ортойгоор байгуулагдаж  эрхлэгчээр нь Цүлтэм, их эмч Даваадорж, Тоня, Цэвээн, нар ажиллан хөдөөгийн хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж ойртож дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлээр Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Хяргас сумдад үйлчилж эхэлсэн ба 1960 онд Тэс суманд, 1965 онд Өмнөговь, 1976 онд Өндөрхангай суманд сум дундын эмнэлгүүд байгуулагдан харъяа сумуудад үйлчилж байжээ.

1961 онд 30 ортой хүүхдийн тасаг, цусны станц,нэгдсэн лаборатори, сэхээн амьдруулах тасаг, эмнэлгийн номын сан, уламжлалт эмчилгээний тасаг, статистикийн тасаг тус тус байгуулагдан  мэргэжлийн чиглэлээр эмчилгээ үйлчилгээний тусламж үзүүлдэг болжээ.

БНМАУ-ын СнЗ- ийн 1978 оны 104-р тогтоолоор аймгийн больницыг нэгдсэн эмнэлэг болгон өргөжүүлэн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж шинээр тасаг кабинетуудтай болж тоног төхөөрөмж, орон тоог нэмэгдүүлэн ажилласнаас гадна 1953 онд 10 ортой айргийн сувилал, 1956 онд 10 ортой төрөх тасаг, 1957 онд 15 ортой Арьс өнгөний диспансер, 1958 онд түргэн тусламжийн станц, 1959 онд сүрьеэгийн диспансер, 1961 онд 30 ортой хүүхдийн тасаг, 1985  онд цусны станц, 1974 онд нэгдсэн лаборатори, 1985 онд сэхээн амьдруулах тасаг  байгуулагдан тус тусын мэргэжлийн чиглэлээр эмчилгээ үйлчилгээний тусламж үзүүлдэг болжээ.