“Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Тэмбүүг устгая” арга хэмжээний явцад дэмжлэгт хяналт хийхээр Эрүүл мэндийн дэд сайд болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх эмч н.Даваажав, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн н.Гэрэлмаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн НЭМТ-н дарга С.Гэрэлмаа нар 11 дүгээр сарын 4-7 өдрүүдэд Увс аймагт ажиллалаа.
Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, “Мөнхбишрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, илрүүлэг үзлэг, шинжилгээ, эм оношлуурын ханган нийлүүлэлт, эмчилгээ, хавьтал илрүүлэлт зэрэг чиглэлээр 45 асуумж бүхий үнэлгээний хуудсаар үнэлж, зөвлөгөө зөвлөмж өглөө.
Дэд сайд Л.Бямбасүрэн, Аймгийн засаг дарга Д.Батсайхан болон Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж тус үнэлгээний дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлуудад чиглэл өглөө. Мөн 19 сумын засаг дарга, сум дундын эмнэлэг болон сум өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэн, эмч нарыг оролцуулан “Тэмбүүг устгая” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Мөн Наранбулаг суманд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг” үзлэг, шинжилгээ зохион байгуулж, туршлага солилцох үзүүлэх сургалтыг дээрх бүрэлдхүүнийг оролцуулан хийлээ. “Тэмбүүг устгая” арга хэмжээний хүрээнд сум, багийн түвшинд тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, сайн ажилласан зарим сумдын засаг дарга нарыг Засгийн газар, Эрүүл мэндийн яамны шагналаар шагнаж урамшуулав.
“Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг” үзлэг, шинжилгээнд 565 хүн хамрагдсанаас нарийн мэргэжлийн 10 гаруй эмчийн үзлэгт давхардсан тоогоор -1380 хүн, 5 төрлийн шинжилгээнд давхардсан тоогоор -958 хүн хамрагдсан байна.