ТАНИЛЦУУЛГА
Манай сум дундын эмнэлгийн анхны суурь нь 1937 онд анх Хантайшир уулын аймгийн Ханхөхийн хошуу гэж байхад эмнэлгийн газар нэртэйгээр байгуулагджээ.
Эмнэлгийн газрыг анх үүсгэн байгуулж ажилласан анхны сувилагч Ш.Буян –өлзий гэдэг хүн Аймгийн төвд Зөвлөлтийн мэргэжилтэн Торгашинаар хичээл заалган сувилагч болж ирээд хошуу тамгын газраас 1 гэр авч барин 1 авдар эмтэйгээр ажиллаж эхэлжээ. Ш.Буян-өлзий сувилагч нь ард иргэдэд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж улаан, цагаан тариагаар эмчилж, эх амаржуулах, өнгөний өвчинтэй тэмцэх зэрэг ажлыг хийж байжээ.1939 онд бага эмч А.Очирбат эмнэлгийн техникум төгсөж ирээд Ш.Буян өлзийгээс 2 гэртэй эмнэлгийн газрыг хүлээн авч үргэлжлүүлэн 3 ортой бага эмчийн салбарыг үүсгэн ажилласан. Ингээд бага эмчийн салбар, өргөжин 8 ортой болж, эмийн санчтай, 6-7 хүний орон тоотойгоор ажиллаж байгаад 1957 онд их эмчийн салбар болон өргөжсөн.
1957 онд анхны их эмчээр Пүрэвжав эмч ирж ажиллан их эмчийн салбар болон өргөжиж, боловсон хүчин, материал техникээр нилээд бэхжиж, эмнэлгийн шинэ барилга, анхны машинтай болсон.
1957-1961 он хүртэл 14 орон тоотой, 10 ортой, 80000 төгрөгийн төсөвтэй, ажиллаж байжээ. 1959 оноос сумын эмнэлэг болон ажиллаж байгаад 1962 онд улсаас өгсөн 150000 төгрөгийн төсвөөр барилга бариулж 1963 онд ашиглалтанд оруулж эмнэлэг шинэ байртай үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ үед эмнэлгийн эрхэгч эмчээр А.Чогсомжав эмч ажиллаж байсан байна. 1963-1964 онд Буянцог эмч эрхлэгчээр ажиллажээ.
1965 -1969 онд Рэгзэн эмч эрхлэгч эмчээр ажилласан. 1976 оноос сум дундын эмнэлэг болон өргөжиж 1978 онд эмнэлгийн барилга шинээр баригдан дотор, мэс засал, хүүхэд, төрөх, эмэгтэйчүүд халдварт, физик эмчилгээний тасгууд төрөлжин нарийн мэргэжлийн тусламж үзүүлж эхэлсэн. 1969-1984 онд эрхлэгч эмчээр Ч.Самдан эмч ажиллаж, сум дундын эмнэлэг нь Увс аймгийн Зүүнхангай Цагаанхайрхан сумуудын иргэдэд эмнэлгийн тусламжийг үзүүлэн аймгийн эрүүл мэндийн салбартаа хөдөөгийн сумдын эмнэлгүүдийг тэргүүлэн ажиллаж байжээ.
1984-1986 онд эмнэлгийн эрхлэгч эмчээр Б.Цэрэннадмид, 1986-1993 онд Ш.Дэжээхүү эмч нар ажиллаж байв.
1984-1994 оны хугацаанд эмнэлэг 5 их эмчтэй, боловсон хүчнээр бүрэн хангагдаж, нүүдлийн эмнэлэг, Цагааннуур багт багт бага эмчийн ортой салбар ажиллуулан үйл ажиллагаа нилээд өргөжиж ажилласан. Мөн туслах аж ахуй, хонь, ямаа адуу зэрэг 200 гаруй толгой малтай, аж ахуй, хөрөнгө, тоног төхөөрөмжөөр хангагдан эмийн бус эмчилгээг өргөн хийдэг болсон. Мөн Хүүхдийн сувилал ажиллуулж 0-2 настай хүүхдийн хоол тэжээл бэлтгэн өгч хүүхдийн эрүүл мэнд өсөлт хөгжлийг хянаж, дэмжин ажиллаж байсан нь үр дүнгээ өгч байлаа. 1993 оноос эмнэлгийн эрхлэгч эмчээр Н.Чимэдцэрэн ажиллаж сум дундын эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаад 1999 онд сумын эмнэлгүүдийн удидрлагыг менежментийн гэрээгээр ажиллах болсноор тус эмнэлгийг Д.Шинэцэцэг эмч гэрээгээр авч ажиллан 2000 онд буцаж сумын эмнэлгээр ажиллаж 2007 онд дахин сум дундын эмнэлэг болон бүтэц орон тоо нэмэгдэн эмч боловсон хүчнээр хангагдан ажилласан байна. 2001-2014 онд Г.Янжинтүвшин эмч эрхлэгч эмчээр ажиллан 2010 онд эмнэлгийн 2 давхар шинэ барилга баригдаж ашиглалтанд орсон.
Сум дундын эмнэлгийн өнөөгийн байдал
Манай эмнэлэг нь өөрийн сумын 3200 гаруй хүн ам, 900 гаруй өрх, тойргийн Увс аймгийн Зүүнхангай, Цагаанхайрхан, Завхан аймгийн Ургамал, Сант зэрэг сумдын иргэдэд эмнэлгийн тусламжийг үзүүлж байна.
Сум дундын эмнэлэг нь Дотор, мэс засал, хүүхэд, шүд, халдварт, төрөх, эмэгтэйчүүдийн тасаг, лаборатори, эмийн сан, эмийн бус эмчилгээний тасаг, угаалгын тасгууд төрөлжин ажиллаж, өөрийн болон зэргэлдээх сумуудын иргэдэд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлж байна. Одоогоор 34 орон тоотой, их эмч-6, бага эмч-10, сувилагч-7, лаборант, эмийн санч, туслах ажилчид-9, зэрэг орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мэс заслын эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлж байна.
Эмнэлгийн даргаар мэс заслын эмч Г.Мөнх-очир 2017 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Тус эмнэлэг 18 ортойгоор хэвтүүлэн эмчлэх тусламжийг үзүүлж жилд дунджаар 600-700 хүн хэвтэн эмчлүүлж, сумын эмнэлэгтээ 50-60 эхийг төрүүлж жилд дунджаар 110-120 жирэмсэн эхийг хянан эмэгтэйчүүдийн тусламжийг үзүүлдэг. Мөн амбулаторийн үзлэгийг жилд 14500-15000 хүнд, лабораторийн шинжилгээг 2600-3000 хүнд, эмийн бус эмчилгээг 350-400 хүнд хийж, 1100-1200 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилж байна. 2017 оны байдлаар манай суманд 1000 хүн амд төрөлт 23,3, цэвэр өсөлт 18,27 байна.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг хөгжүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хүн амд эрүүл мэндээ хамгаалах зөв дадал заншлыг хэвшүүлэх ажлыг түлхүү чиглүүлэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд илүү анхааран ажиллаж байна. Лаборатори цус, шээс, биохимийн анализаторууд, түргэвчилсэн оношлуураар бүрэн хангагдсан сум дундын эмнэлгийн стандартын дагуу шинжилгээ, оношлогоог хийж байна.
Эмнэлэг техник технологийн хувьд хөгжин интернетед холбогдож аймгийн нэгдсэн эмнэлэг болон дээд байгууллаггуудтай зайн оношлогоонд холбогдсон. Мэдээ мэдээлэл цахим мэдээлэлд шилжсэн.
Сум дундын эмнэлгийн ирээдүйн чиг хандлага
1. Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулж хүн амыг өвчлөлөөс сэргийлэх, эрүүл зөв дадлыг эзэмшүүлж хүн амын өвчлөлийг бууруулах
2. Уламжлалт анагаах ухаан болон эмийн бус эмчилгээг өргөн нэвтрүүлж эмчилгээг үр дүнтэй хийх, тоног төхөөрөмжөөр хангах,
3. Эмч мэргэжилтнээр бүрэн хангах, мэргэшүүлэх, тасралтгүй суралцах нөхцлийг бүрдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадвар, ёс зүйг дээшлүүлэх
4. Сум дундын эмнэлгийн стандартыг барилга байгууламж, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн хангалтыг шаардлагад нийцүүлэн бүрэн хангаж тусламж үйлчилгээг тойргийн сумдын иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, Ялангуяа яаралтай тусламжийн үйчилгээг алслагдсан сумдын иргэдэд шуурхай үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх
5. Зайн оношлогоог өргөжүүлэн улсын төв эмнэлгүүдтэй холбогдох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн эмнэлгийн үйл жиллагааг өргөжүүлэх, хүн амыг эрүүлжүүлэх, өвчлөлөөс сэргийлэх зорилготой ажиллаж байна.
Гавъяа шагнал :
1. Эх хүүхдэд ээлтэй эмнэлэг 2002 онд
2. Тэргүүний үйлчилгээний байгууллага 2011 онд
3. 2014 Оны системийн тэргүүний байгууллага
4. 2015 онд ЭКСПО- 2015 2-р байр
5. 2019 оны Сумын тэргүүний байгууллага