ЭМЯ, АТГ-аас хамтарч олон нийтэд чиглэсэн “Инээмсэглэл бидэнд урам” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр 40 хоногийн хугацаанд үргэлжилнэ. АТГ-аас хийсэн судалгаанд оролцсон иргэд авлигад өртөмтгий салбарын нэгийг эрүүл мэндийн салбар гэж үзжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд иргэдтэйгээ хамтран авлига ашиг сонирхлоос ангид байх, нийгэмд тогтсон буруу ойлголтыг арилгаж, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг санаачилсан аж. ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг “Хүн төрөлхтний түүхэнд хамгийн ариун тангараг өргөдөг хүмүүс бол хүний эрүүл мэнд, алтан амийг аврахын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд байдаг. Эх барих эмчийн гар дээр хүн хорвоод мэндэлж, элдэв өвчин тусвал эмчид л ханддаг. Тийм ч учраас олон хүн эмч, эмнэлгийн ажилтнуудад талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд чихэр жимсээр дайлахаас эхлээд дугтуйтай мөнгө хүртэл бэлэглэхийг хүсдэг байх. Иргэд маань ч ингэж талархлаа илэрхийлж, эмч нар маань ч авсаар ирсэн энэ буруу хандлагыг л бид засч чадвал эрүүл мэндийн салбар эрүүлжих юм. Тиймээс л эмч нарын хувьд авлига, ашиг сонирхлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаагийн нэг тод жишээ бол энэхүү зорилтот хөтөлбөр. Хүн бол урмын амьтан. Сайхан инээмсэглэл, эерэг үгс маш том урам өгдөг. Өвчнийг нь эмчилж өгсөнд нь талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлэхэд л болно гэсэн санаа энэ хөтөлбөрийн маань гол утга учир нь юм. Иргэддээ уриалахад эмч, эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлье гэвэл таны чин сэтгэлийн талархсан инээмсэглэл цагаан нөмрөгтнүүдэд маш том урам болно гэж хэлмээр байна” хэмээн онцоллоо.
Эрүүл мэндийн салбарынхан авлигын эсрэг зорилтот хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Post author:admin
- Post published:November 12, 2019
- Post category:Мэдээ, мэдээлэл