ХОРТ ХАВДРЫН ШАЛТГААН НӨХЦӨЛИЙГ ТОДОРХОЙЛОХ

СУДАЛГААНЫ АЖЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Увс аймагт зонхилон тохиолдох хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл, тархалтын баримтын судалгаа болон иргэдийн мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх ажлын гэрээг байгууллаа.

Аймгийн ИТХ-аар 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Хавдрын эсрэг төсөл арга хэмжээний тухай хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын Жендер, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Е.Баяраа, аймгийн ЭМГ-ын дарга Х.Дашзэвэг нар Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит “Анагаах ухааны хүрээлэн”-гийн удирдлага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах 2 төрлийн гэрээг байгуулж дээрх судалгааны ажлыг эхлүүллээ.

Энэхүү гэрээний хүрээнд зөвхөн судалгаа хийгээд зогсохгүй дараах чиглэлүүдээр ажиллахаар тохиролцлоо. Үүнд эрдэм шинжилгээ судалгаа, эмнэлзүй, төгсөлтийн дараах сургалтаар Увс аймгийн ЭМ-ийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадахжуулах, сургалт семинар хамтран зохион байгуулах, иргэдэд өгөх зөвлөмж, гарын авлага боловсруулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, үнэлэх ажлуудыг хийх юм.

Анагаах ухааны хүрээлэн нь 60 гаруй жилийн түүхтэй бөгөөд өдгөө эрдмийн зөвлөл, хавдар, дотор, зүрх судас, мэдрэл, захиргаа санхүү, эрдэм шинжилгээний төв лаборатори зэрэг 6 сектор, 40 гаруй эрдэм шинжилгээний эмч, ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж дээрх чиглэлээр улсын хэмжээнд судалгаа, эрдэм шинжилгээний ажил зохион байгуулдаг байгууллага юм.

Ийнхүү судалгааны ажлыг Увс аймгийн төв болон 6 сумыг хамруулан 2025 оны 2-р улиралд багтаан хийж, дүгнэлт зөвлөмжийг гардуулан өгөхөөс гадна иргэдэд хүргэх нотолгоонд тулгуурласан мэдээлэл, сургалт сурталчилгааны материал, гарын авлага боловсруулан өгөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *