Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас  өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар оролцов.
2018 оны жилийн эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд улаанбурхан өвчний 229,068 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор Зүүн өмнөд Азийн бүсийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсэд Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ-д улаанбурханы дэгдэлт гарч байгаа тул уг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байсаар байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанид гадаад улсаас ирж ажиллаж буй инженер халуурч тууралт гарсан шинж тэмдэг илэрч, манайд хандсан. Уг иргэнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу лабораториар батлагдаж Монгол Улсад улаан бурхан өвчин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдоод байна. Бид Ханбогд сумын болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай онлайнаар шуурхай хуралдаан хийж заавар зөвлөгөө өгч өнөөдөр өглөө 07.40 минутын онгоцоор ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг илгээгээд байна. Одоогоор өвчтөнийг тусгаарлаж, голомтыг дэлгэрүүлэхгүй байх ажлыг эхлүүлсэн” гэв.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “ДЭМБ-аас улаанбурхан өвчин дэлхий дахинд дэгдэлт өндөртэй байгаатай холбогдуулан олон зөвлөгөө, санамж, сэрэмжлүүлгийг авч байсан. Улмаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ-аасцаг тухай бүрт нь ард иргэдэд зөвлөгөө сэрэмжлүүлгийг хүргэх зохион байгуулалттай ажлыг хийсэн.

Мэдээллийн эх сурвалж: Эрүүл мэндийн яам